Дазай Осамү: Сурагч охин (2/5)

Метро ирэв. Хаалганы яг хажууд онгорхой суудал байж таарахаар нь ачаа бараагаа эвтэйхэн тавиад байрлуулчихлаа. Тэгээд юбканыхаа хормойг жаахан янзалчхаад суух гэтэл хойноос минь ирсэн нэгэн нүдний шилтэй эрэгтэй миний ачааг баттай гэгч нь холдуулснаа олсон суудлыг минь налаад суучих нь тэр.
“Юу л даа, наадах чинь миний олсон суудал юм сан” гэтэл эрэгтэй энэ эвгүй байдлыг аргацаах гэсэн шиг хальт инээмсэглэх аядсанаа зүв зүгээр царайлаад сонин уншиж эхлэв. Бид хоёрын хэн нь илүү ичгүүргүй зан гаргаж вэ? Лавшруулан бодох тусам ойлгохоо болилоо. Надад буруу байгаа юм болов уу.

Аргагүйн эрхэнд шүхэр тээш хоёроо суудлуудын дээрх ачаагаа байрлуулах хэсэгт тавиад бариулаас зуурч зогслоо. Ердийнхөөрөө сэтгүүл унших гээд өрөөсөн гараараа хуудсуудыг нь сөхөж байтал ийм нэгэн бодол толгойд орж ирэв.
Хэрвээ надаас номуудыг маань булаагаад авчихвал ямар ч бодит амьдрал үзээгүй би яг эхэр татаж уйлах байх аа. Тэгтлээ номонд бичээстэй сургамжинд найддаг, би. Ганц ном уншчихаад түүндээ донтож, итгэж, нөлөө авч, уусаж, хоршиж, өөрийн амьдралаа уялдуулдаг. Тэгээд өөр ном уншингуутаа шууд өөрчлөгдөж ахин энийгээ давтана. Хүний юмыг хулгайлж авчирснаа өөрийнх болгоод янзалж эвлүүлэх чадвар, энэ мэхлэлт л миний цор ганц сайн хийж чаддаг зүйл. Ийм зальжин, хуурамч зантай өөртөө үнэн голоос дургүй хүрнэ. Угтаа ичихгүй алдаа гаргаж, шившгээ тарьж гэмээнэ хүн арай “дотортой” болдог…

--

--

Япон зохиолчдын ертөнцөөс

Зохиогчийн эрх нь хүчингүй болсон Японы зохиолуудыг орчуулж нийтэлдэг хуудас. Инстаграм: instagram.com/japanesequotesinmongolian